Танилцуулга


"Комаки балет"-ыг үүсгэн байгуулагч Масахиде Комаки 1970-аад оны эхэн үед Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Б.Жамъяндагвыг Япон улсад зохиогдсон олон улсын балетын тэмцээнд шүүгчээр оролцуулж, манай 2 орны балетын хамтын ажиллагаа эхэлсэн  түүхтэй.


“Комаки балет” тоглолт нь Японы үндэсний балет Мадарена, Н.Римски Корсаковын Шахерезада бүжгэн жүжиг гэсэн хоёр хэсэгтэй. Мадарена бол 400 жилийн тэртээх Японы түүхэн бодит үйл явдлаас сэдэвлэсэн бүтээл юм. Харин Шахерезада нь 1946 онд Японы тайзнаа анх тоглогдсон ба саяхан Д.Алтанхуяг тус улсад энэхүү бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээж, урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авчээ. Харин тэрбээр энэ удаа эх орныхоо тайзнаа Шахерезадагийн гол дүрдээ дахин тоглосон. "Комаки балет байгуулагдсанаас хойш Японы балетын урлаг эрчимтэй хөгжиж, дэлхийд Япон улсыг таниулах нэгэн нүүр царай болсон. Мөн "Комаки балет" компани нь үе үеийн бүжигчид, уран бүтээлч нартай хамтран Японы Балетын холбоог байгуулж, тив дэлхийн чанартай тэмцээн  уралдааныг зохион байгуулдаг. "Комаки баллет" компаний нь зөвхөн Япон гэлтгүй Ази тивдээ хамгийн анх сонгодог урлагийн энэхүү төрлийг оруулж ирсэн. 1950 онд дэлхийн дахинаа улсын хэмжээний бүрэн бүрэлдэхүүнтэй балетын дөрвөн том байгууллага байсан нь Францын Парис Опера театр, Английн Рояал Опера театр, Италийн Ла-Скала театр болон Комаки балетын компаниуд юм.