Танилцуулга


Тэд энэ удаад “Монгол бахархал” нэрийн дор энэхүү тоглолтоо хийсэн нь учиртай гэнэ. Учир нь энэ үдшийн шилдэг бүтээлийн эзэд бол дэлхийд нэртэй балетын компаниудад уригдан ажилладаг бөгөөд тэд амжилт, бүтээлээрээ олон улсад үнэлэгдэн нэр алдраа цуурайтуулсан Монголын балетын шилдэг гоцлоочид юм.

Бурхнаас хүн төрөлхтөнд заяасан гайхамшиг болсон урлаг нь хүний амьдралын баяр баяслыг төрүүлж, сэтгэл зүрхийг хөглөн, оюун ухааныг гэгээрүүлдэг билээ. Монгол балетын хөгжлийн сан нь Монгол балетын  урлагт өөрийн хувь нэмрээ оруулж, шинэ сонин тоглолтуудыг зохион байгуулж, үзэгч түмэндээ хүргэхдээ таатай байдаг. 2010 онд байгуулагдсанаас эхлэн манай сангийн үйл ажиллагааг одоог хүртэл дэмжиж ирсэн төрийн болон хувийн байгууллагууд, үзэгч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Дуурь Бүжгийн Эрдмийн театр болон гадаадын олон оронд Монголын урлагийн төлөөлж яваа авьяастнууд, багш Д.Дашлхагвад зориулсан энэхүү тоглолтонд сэтгэл зүрхээрээ нэгдэн ирсэн нь Монгол улсад 1992 оноос эхлэн бэлтгэгдэж эхэлсэн Хөгжим Бүжгийн Коллежийн балетын үе үеийн төгсөгчид юм. Өнгөрсөн үе, үндэс угсаа, өөрийн эх орондоо мэргэжлээрээ бэлтгэгдсэндээ балетын бүжигчид бид омогшин бахархаж явдаг билээ.

Тиймээс нь энэ тоглолтоо "Монгол бахархал" хэмээн нэрлэсэн юм.