Балет гэсэн нэр томъёо ballo, ballare–бүжиглэж байна гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь бал буюу ардын бүжиг наадмаас үүсэлтэйг харуулж байгаа юм.
Балетын тухай эхлэхээс өмнө бүжиг гэж юуг хэлдэг тухай авч үзье. Үйлдэл, хөдөлгөөн хөг аянд тулгуурлан амьдралыг уран сайхны дүрээр илэрхийлдэг урлагийн хэлбэрийг бүжиг гэнэ. Харин балет нь утга санаа үйл, явдлыг хөгжмийн ая, бүжгийн хөдөлгөөний өвөрмөц дүрээр илэрхийлж, дүрслэх урлаг зэрэг бусад төрөлтэй хамтран бүтээгддэг тайзны нийлмэл урлаг юм.
Сонгодог бүжиг бол дэлхийн ард түмний бүжгийн хамгийн шилдэг элементүүдийг шингээсэн бүжгийн урлагийн уран сайхны дүрээ илэрхийлэх гол хэлбэр юм.
Балетын түүх 15-р зуун Италийн ренесансын үеэс эхлэх бөгөөд тайзны хэмжээнд очсон нь 17–р зуунд Францын “Наран хаан” гэж алдаршсан 14-р Людовик хааны /1643-1715/ үе буюу чухам энэ үед л балет бие даасан урлагийн нэгэн төрөл болж тодорч иржээ.
Францын “Наран хаан” XIV Людовик
1661 онд 14-р Людовик Францын Бүжгийн Академи /Academie Royale de Danse/ байгуулсан нь хожмоо Парисын дуурь, бүжгийн театр болсон юм. Людовик хааны ордонд Италийн Франц гаралтай хөгжмийн зохиолч, бүжигчин Жан Батист Люллигийн бүтээсэн бүжгийн жүжгүүдийг толилуулдаг байв. Люлли жүжгийн зохиолч Мольертой хамтран ажиллаж Италийн театрын хэв маяг commedia dell”arte-г фрацын үзэгчдэд тааруулан шинэчилж commedie-ballet–ыг үндэслэсэн байна. Тэдний шилдэг бүтээл нь Le Bourgeois Gentilhomme /1670/ юм. Люлли эзэн хааны хөгжмийн академик театрын анхны найруулагч болсон юм.
Францад балетын анхны сургууль бий болсон бөгөөд Жульетте Бланче багшилж байв. Балетын бараг бүх хөдөлгөөний нэр томъёог франц хэл дээр тайлбарласан байдаг. Тухайн үед бүх бүжигчид нь эрэгтэй хүмүүс байсан бөгөөд эмэгтэй хүний дүрд баг зүүсэн эр хүн бүжиглэдэг байжээ. Харин театрын мэргэжлийн түвшинд 1681 онд анхны эмэгтэй бүжигчид Мари Камарго, Мари Салле Le Triomphe de l’Amour (The Triumph of Love) бүжгэн жүжигт тогложээ. Мөн 17-р зууны үед Францын бүжиг дэглээч П.Бажан сонгодог бүжгийн үндсэн хөлний таван байрлалыг боловсруулсан ба түүний удирдаж байсан Хааны бүжгийн академи нь балетыг мэргэжлийн урлаг болгон хөгжүүлж, тогтсон хэлбэр, дүрэм журмыг бататган бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Тухайн үед тайзнаа уран сэтгэмжийн уян хөнгөн дүрүүд бий болж сэтгэлийн эрхэм сайхныг бодит амьдралтай сөргүүлэн харьцуулсан утга санааг дундад зууны болон ардын домог туульсын хэлбэрээр тусгаж байснаа улмаар Гейне, Барон, Гюго зэрэг сонгодог уран зохиолуудаас сэдэвлэн харуулах болсон байна. Эдгээр зохиолчдын зохиолоор А.Аданы “Жизель”, “Корсар”, Ц.Пунийн “Эсмеральда” зэрэг романтизмын үеийн шилдэг балетууд бүтээгдсэн юм. Энэ үед эмэгтэй бүжигчид тэргүүлэх болж алдарт Мария Тальони анх пуанты дээр /хуруун дээр/ гарчээ. Сонгодог бүжгийн хөдөлгөөн ялангуяа үсрэлтүүд ихэд хөгжин боловсронгуй болж бүжигчид нисэх мэт сэтгэгдлийг төрүүлдэг байлаа.
19-р зууны бүжгийн хөгжилтөд чухал гурван явдал болсон нь бүжигчдийн ур чадварын хүчний өсөлт, эмэгтэй бүжигчдийн байр суурь өссөн, мөн Оросын балетын цэцэглэлтийн үе байсан юм.
Романтизмын үе нь баруун европын балетын урлагийн хөгжилтийн оргил болж энэ үед оросын балетын хөгжилтөнд Францын балетмейстер Шарль Луи Дидло их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үндэсний онцлогийг тусгасан чөлөөт үзэл санаа бүхий балетуудыг бүтээснээс гадна чадварлаг сайн бүжигчдийг сурган гаргасан ажээ.
Балетын хөгжмийн зохиолчдоос тодорч гарсан нь 18-р зуунд Францын Ж.П.Рамеу, 19-р зуунд Оросын П.И.Чайковский, 20-р зуунд Оросын Игорь Стравинский нар юм.
Оросын агуу хөгжмийн зохиолч П.И.Чайковский балетын урлагийн уг үндэс болсон хөгжимд симфонийг нэвтрүүлж үндсээр нь өөрчилсөн нь балетын урлагт хөгжлийн шинэ үеийг нээв. Түүний “Хунт нуур”, “Нойрссон гүнж”, “Щелкунчик” гэсэн гурван балетыг балетмейстер Мариус Петипа найруулан тавьсан юм.
П.И.Чайковский “Хунт нуур” /М.Петипагийн тавилт. ханхүү Зигфридийн дүрд Михайл Мордкин, Одеттагийн дүрд Adelaide Giuri, Большой театр, Москва. 1901/
20-р зууны эхэн үеийн балетын урлагт бас нэгэн шинэчлэлтийг авчирсан хүн бол балетмейстер Михаил Фокин юм. М.Фокин балетын жүжгийг уламжлагдан тогтсон нэгэн хэлбэрээр зохион дэглэхийн эсрэг байсан бөгөөд жүжгийн үйл явдал өрнөж байгаа түүхэн үе нөхцлийг харгалзан жүжиг бүрийг өөр хэлбэр, өөр өөр хөдөлгөөнөөр дэглэх ёстой гэж үзэн энэ санаагаа хэрэгжүүлж, бүтээсэн жүжгээрээ бодитой харуулж өгсөн юм.
Өнгөрөгч зуунд балетын урлаг концертын бүжгийн нөлөөн дор үргэлжлэн хөгжсөөр ирсэн ба тухайлбал АНУ-д бүжиг дэглээч Ж.Баланчин неоклассик балетыг хөгжүүлсэн юм. Үүнээс гадна балет Ballet d’action, сонгодог балет /classical ballet/, орчин үеийн балет /contemporary ballet/, неоклассик балет /Neoclassical ballet/, романтик балет /Romantic ballet/ гэсэн хэд хэдэн хэлбэр хөгжиж иржээ.