Бүжгийн элэгдсэн шаахай ер нь хаачдаг вэ?

         АНУ-ын Сеаттлын балет жилд 2000 орчим балетын шаахай хэрэглэдэг бол Нью Йорк хотын балет шинэ жилийн үеэрх Цөмөөхэй балетаар сард 500 хос шаахай дуусгадаг байна. Зарим мэргэжлийн бүжигчид бүр нэгхэн тоглолтын турш хоёроос дээш пойнт гутал өмсөж дуусгах тохиолдлууд байдаг гэнэ.

         Элэгдсэн шаахай бүр тайзнаас буухдаа хаана очдог юм бол гэж та сониучирхаж байна уу?

      Пойнт гутал буюу балетын хатуу ултай шаахай нь цаас, даавуу, хадаас гэх мэт олон өөр төрлийн материалаас бүтдэг тул эд ангиараа бүрэн салгагдаж байж дахин боловсруулалтанд орох боломжтой байдаг байна. Харамсалтай нь хэрэглэгдсэн шаахай бүрийг задалж ангилах нь тэр бүр боломжгүй тул ихэвчлэн хогийн цэгээс газарт булагдаж дуусдаг ажээ.

 

        Байгаль дэлхийгээ хайрлах үүднээс дэлхийн театрууд болон бүжигчид хэрэглэсэн шаахайгаа дахин ашиглалтанд оруулах тал дээр идэвхтэй санаачилга гаргаж байгаагаас дор гурвыг дурдлаа. 

Бэлэг дурсгалын зүйл болгох.

       Зарим бүжигчид элэгдсэн шаахайн дээрээ өөрийн гарын үсгийг зурж балетын бэлэг дурсгалын дэлгүүрт хандивлах, эсвэл шүтэн бишрэгчид, ивээн тэтгэгчиддээ талархал илэрхийлж бэлэглэдэг байна. Pacific Northwest балетын театрын Цөмөөхэй тоглолтын үеэр оролцогч хүүхдүүд мэргэжлийн бүжигчдэд захиа бичингээ тэднээс хос балетын шаахай дурсгал болгож авах эрхтэй байдаг байна.

         Мөн заримдаа хуучирч муудсан шаахайг хөдөлмөрийн хичээлд хэрэглэгдэхүүн болгохоор хүүхэд багачуудад хандивладаг байна.

         Урлагийн бүтээлд ашиглах.

Балетын үхсэн шаахайг  мэргэжлийн уран бүтээлчид ашиглан урлагийн шинэ бүтээл гаргадаг.

         2023 оны намар Нью Йорк хотын Салон 24 музейд Кэрон Дэйвис гэх уран бүтээлч олон ширхэг элэгдсэн пойнт гутал оролцуулан үзүүлэн гаргасан байна. Энэхүү үзмэр нь “Beauty Must Suffer” буюу гоо сайханд золиос хэрэгтэй гэсэн утгатай бөгөөд хуучин шаахайнуудад дахин нэг амьдрал бэлэглэсэн ажээ.

 

Дахин боловсруулж хэрэглэх

     Пойнт гутлыг дахин боловсруулах эсвэл дахин хэрэглэх хэдий хүндрэлтэй ч шинээр ашиглах оролдлогууд хийгдсээр байна.

      Петит Па Нью Йорк гэх байгууллага нь Америкийн балетын сургуультай хамтран сурагчдын хуучирсан шаахайг задалж, ариутгасны дараа акссессуар хийдэг ажээ. Нэг пойнт гутлаар 3 бугуйвч, 1 зоос эсвэл үсний боолт, хэрэгслийн богц хийгддэг байна. Энэ бизнес нь байгальд ээлтэйгээс гадна ашиг орлогын 50 хувийг Америкийн балетын сургуулийн пойнт гутлын фондод бэлэглэдэг нь сурагчдаас гарах шаахайны зардлыг багасгадаг байна.

       Тус байгууллага нь мөн бусад бүжигчид, театруудыг элэгдсэн шаахайгаа дахин ашиглахыг уриалдаг ажээ.

Уралдаанд оролцох зөвлөгөө

Өнөө үед бүх нас, түвшний балетаар суралцагчид болон бүжигчдэд зориулагдсан тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж байгаа билээ.  Шинэхэн сурагч эсвэл мэргэжлийн бүжигчний аль нь ч байсан аливаа бүжигчинд балетын уралдаанаас хүртэх үр дүн асар их байдаг. Балет ялангуяа бага насны ангилалд заавал өрсөлдөөнтэй байх ёстой юу гэдэг дээр одоо ч хүртэл эргэлзээ үүсэх явдал бий.

       Ямартай ч анх удаагаа балетын уралдаанд орох гэж байгаа сурагчид болон эцэг эхчүүдэд зориулж энгийн зөвлөгөөг толилуулж байна.

          Бага насны сурагчдад уралдаанд оролцох нь тайзан дээр гарах, бүжгийн хувцас өмсөх, этгээд нүүр будалт хийлгэх, шагнал медаль авах нь тун чиг сонирхолтой санагддаг.  Эцэг эх, асран хамгаалагчдад бол урт хугацаанд жолоо барих, зүү, утас барин блёстк, гоёл чимэглэл оёж хадах, хоол хүнс зөөх, санхүүгийн хувьд тооцоолол маш сайн хийх хэрэг гардаг бөгөөд хүүхдийнхээ ард асаалттай танк шиг бүхий л зүйлд дэмжихэд бэлэн байх хэрэгтэй болдог. Хүүхдийнхээ сэтгэл зүйг эерэг байлгахыг эрмэлздэг ч хааяадаа өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг барьж дийлэхгүй баярлаж, эсвэл сэтгэл зовнидог.

            Уралдаанд оролцсоны ачаар сурагчид ур чадвараа нэмэгдүүлж, эмх цэгцтэй, зохион байгуулалттай бие даасан хувь хүн болдог. Улмаар тайзыг хүндэтгэн хайрлаж, уралдааны өрсөлдөгчдөө хүндлэн тэдэнтэй нөхөрлөж, тайзны соёл, бүжигчний соёлд суралцан тайзны сандралаа даван туулж сурсан байдаг. Тайзны сандралыг даван туулна гэдэг нь огт айж сандрахаа болино гэсэн үг биш, харин сандарсан ч гэсэн өөрийгөө дайчилж, удирдаж сурна гэсэн үг юм. 

         Америкийн “Бүжигчдийн ээжүүд” телевизийн шоу нэвтрүүлгийг үзсэн бол бүжгийн уралдаанууд нь дуу нь чангарсан багш, бүхий л зүйлд гомдоллох ээжүүдээр дүүрэн “хурцхан” арга хэмжээ юм байна гэж бодогддог. Иймэрхүү зүйлс бодит амьдрал дээр ч үе үе тохиолддог ч балетын уралдааны бэлтгэлийн явц, дасгал хичээлүүд нь хүүхдэд ээлтэй, дурсамжтай байх нь зөв юм.

         Өсвөр насны болон насанд хүрсэн бүжигчдэд уралдаан тэмцээн нь тэтгэлэгт боломжууд, мөнгөн шагнал, ажлын санал авах боломжийг олгох магадлалтай байдаг. Гэр лүүгээ медаль, шагнал барин харих нь мэдээж таашаалтай ч энэ насны бүжигчдэд балетын мэргэжлийн байгууллагууд, үе тэнгийн бүжигчидтэйгээ холбоо тогтоох нь илүү чухал ач холбогдолтой юм. Томоохон тэмцээнүүдийн тайзнаа гарах нь ажлын олон арван, зардал ихтэй сонгон шалгаруулалтад оролцохоос илүү үр дүнтэй байх нь элбэг. Балетын компани, театруудын найруулагчид ч мөн адил ийм аргаар байгууллагадаа тохирох шинэхэн авьяасыг олж нээх боломжтой юм. АНУ-ын Балетын ОУ-ын Уралдаан (USA IBC) нь жишээлбэл дэлхийн балетын ажлын саналууд, сургуулиудын урилгууд олгогддог томоохон уралдаан юм.

Мэргэжлийн өмнөх түвшний сурагчдын алдарт При де Лузанн уралдаан мөн хөтөлбөрийнхөө хүрээнд байгууллага, сургууль, бүжигчин хоорондын харилцаа холбоог үүсгэх арга хэмжээг багтаадаг болсон байна.

 

          Ямар ч насны бүжигчид мөн уралдаан тэмцээнээс бодит байдлаас хэт өндөр хүлээлт үүсгэхээс зайлсхийх нь зөв юм. Уралдаан бүр шүүлтийн онцлогтой байх бөгөөд тайзан дээр алдах магадлал үргэлж байгааг санаарай. Бэлтгэл сургуулилт хэдий хангалттай их байсан ч эргэлт, арабеск хийхдээ тэнцвэр алдах явдал тохиолдоно. Бүр бүжгээ төгс хийсэн ч өөр хэн нэгэн нь илүү сайн дүн авах бүрэн боломжтой юм. Тиймээс хэдэн шагнал, медаль авахаас илүүтэй сурч мэдсэн зүйлс, олж авсан туршлага, үзүүлсэн үзүүлбэрийн чанарт анхаарах нь алсдаа хэрэгтэй гэдгийн санаарай.